Уналтанд орсон SBS драмын албыг аварсан “Мянган воны хуульч”-ийн үзэгчид ууртай байна

SBS телевизийн “Мянган воны хуульч” драм тодорхойгүй шалтгаанаар хэд хэдэн удаа цуцлагдаад байна.
“Мянган воны хуульч” драмын гол дүр жүжигчин Намгүн Мин тоглосон учир эхний ангиасаа эхлээд хүлээлт өндөртэй байж эхний анги нь үзэгчдийн үнэлгээ 8.1%-иар эхэлж, 3-р ангидаа 10%-д хүрч, найм дахь ангидаа хамгийн өндөр буюу 15%-ийн үнэлгээг давж, эцэст нь 20% давах ч бүрэн боломжтой байлаа.
Гэвч амжилттай байгаа “Мянган воны хуульч” драм хоёр дахь хагас руугаа ороод асуудалтай тулгарч эхэллээ. SBS телевиз өнгөрсөн сарын 21-нд гарах байсан 9-р ангиа гэнэт цуцалж, 1-8-р ангиас онцлох үйл явдлуудыг цуглуулсан тусгай ангийг гаргасан. Үүний дараа өнгөрсөн сарын 28-наас арваннэгдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл гурван долоо хоног дараалан драмын хуваарыг өөрчилж ямар ч шалтгаангүйгээр долоо хоногт нэг анги гаргасан.
Түүгээр ч барахгүй “Мянган воны хуульч” драм анх 14 ангитай зарлагдсан боловч 12 ангитай болгосон нь үзэгчидийн дургүйцлийг хүргээд байна. Тус драмыг бүтээгчид “Бид драмыг 12 ангитайгаар чанартай хурдан дуусгахаар шийдсэн” гэж мэдэгджээ. Амжилтанд хүрсэн драмыг цуцалж ангийг нь багасгах явдал бол ер бусын үзэгдэл юм. Үзэгчид “Үнэлгээ өндөртэй байгаа драмыг цуцалж дураараа авирлаж байна” гэж гомдол гаргаж эхэлжээ.
Үзэгчид “Үнэлгээ өнөдөртэй байгаа драмыг ингэж байгаа шалтгааныг чинь ойлгохгүй байна”, “Үнэлгээ илүү сайн байж болох байсан”, “Маш өндөр үнэлгээтэй драмыг яагаад ингэж байгаа юм?”, “Жүжигчид нь хайран юм” гэх мэтээр дургүйцлээ илэрхийлсээр байна.
Үнэлгээ ч мөн буурсаар байна. 8-р ангид 15.0% хүртэл өссөн үнэлгээ 9-р ангид 14.6%, 10-р ангид 13.7%, 11-р ангид 13.6% тус тус буурчээ.